Saturday, April 11, 2009

Сэрүүн зүүд-2

Хэсэг чимээгүй сууснаа аав нь:
- За хүү минь чамд гаргаж өгсөн өмгөөлөгч чамтай удахгүй уулзана гэсэн. Талийгаачийн ээж аав өнөө шөнө энд ирэх байх. Одоо би чамд юу ч гэж хэлэх билээ. Хайр халамжаар дутаалгүй л өдий болгосон юмсан, хөгшин болсон хойноо хүний үзээгүйг л үзэж явна даа гээд уртаар санаа алдав. Муу ээж нь юм хэлэх чадалгүй байгаа бололтой нулимсаа арчиж суух аж.
Тун удалгүй харгалзагчийн уулзалтын цаг дууслаа гэх дуулдаж Идэр буцаад өрөө уруугаа явлаа. Өрөөнд хүртэлээ арай ч үгүй байлгүй гэсэн бодол толгойд нь эргэлдэж, хорвоо тэр аяараа түүний эсрэг хуйвалдаад ч байгаа юм шиг санагдаж, хашгирмаар, уйлмаар санагдана. Энэ зүүд л байх ёстой гэж дотроо үглэсээр өрөөндөө орж ирвэл хүйтэн царайтай нөхөр босоод умгар өрөөний талаас илүүг эзлэн ханхайн зогсож авай.
- Чи ямар хэргээр энд орж ирэв гэх дуу Идэрийн бодлыг сарниулж орхив.
- Би сайн ойлгохгүй л байна. Ингэхэд өнөөдөр хэд дэх өдөр вэ гэвэл,
- Даваа гариг, чи ямар хэрэг хийсэн бэ гэж их шаардангуй өнгөөр хэлэхэд нь Идэр түгдчин байж,
- Үгүй юу л даа. Энд нэг том андуурал болсон юм шиг байнаа. Би энд байх ёсгүй л хэн байгаа юм гэвэл,
- Орж ирсэн хүн бүхэн л тэгэж ярьдаг шүү дээ гээд хүйтэн царайт хүд хүд инээж байх юм. Тэгэснээ намайг Мигуэл гэдэг гээд паравгар гараа сунгав. Идэр гарыг нь сулавтар атгаад нэрээ хэлбэл,
- Чи хятад уу гэх нь тэр.
Идэр үгүй монгол гэх гэснээ ямар их гавьяа байгуулчихсан биш гэж бодоод дэмий л толгой дохисон болов. Мигуэл харин ажигч хүн бололтой,
- Чиний нэр чинь хятад нэрнээс өөр юмаа хэмээн нэг л шаардангуй өнгөөр дуугарахад нь Идэр,
- Үгүй хятад бишээ. Би монголоос ирсэн гэж сулхан хэлээд, нөгөө л сандал дээрээ суугаад толгойгоо атгав. Хамгийн сүүлд Сайхнаатай уулзахаар буудалд орсон, өрөөний хаалганд хүрэхийн тэн дээр хэн нэгэн толгойг нь цохиж ухаан балартаж унаснаа санана. Тэгээд энд сэрсэн байх юм. Тэр өмгөөлөгчтэй нь уулзвал яасан ийсэн гэж тайлбар хэлж өгөх байлгүй.

Sunday, April 20, 2008

Сэрүүн зүүд

Төмөр хаалга хяхатнан тас няс хийх дуунаар Идэр өглөө байснаасаа тэс өөр орчинд сэрэв. Тэрбээр бүүдгэр гэрэлтэй жижгэвтэр өрөөний хананд бэхэлсэн давхар орны дээд талд хэвтэж байх аж. Юу билээ хэмээн ухасхийж босохдоо намхан таазанд толгойгоо чанга гэгч нь дэлсэж орхив. Хараал ерөөл урсгасаар бууж ирвэл, яах аргагүй шоронгийн нэг өрөө байх юм. Нүдэндээ итгэсэнгүй орчин тойрноо дахин дахин тойруулан харвал, үнэхээр сараалжилсан жижиг цонхтой, мөн л сараалжин хаалгатай, хоймортоо төмөр жорлонтой, хажууханд нь усны тосгуур гээд кинон дээрээс харж байсан шоронгийн өрөө. Тэр бас шоронгийн дүрэмт хувцас болох цагаан футболкан дээр цэнхэр даавуун цамц, цэнхэр жинс өмссөн байх юм. Энэ зүүд биз хэмээн өөрийгөө чимхэж үзэв. Өвдөж байна. Яах аргагүй бодит байдал мөн гэдгийг ухаараад нүд нь бүрэлзэж сэтгэл нь давчдав.
- Ийм байх учиргүй дээ. Яахаараа хэмээн үглэж нааш цааш умгархан өрөөнд холхиж байтал доод орноос бадриун биетэй, нүдэнд хүйтэн царайтай нөхөр босч ирээд,
- Хөөе, би унтаж амармаар байна хэмээн уцаартай дуугаран муухай харахад Идэрийн өвдөг сулраад явчихав. Тэмтчин байж хананд бэхэлсэн сандал дээр суулаа. Тэр шоронгийн амьдралын тухай кино үзэх дуртай нэгэн. Ингээд өөрөө орчихно гэж хэзээ ч бодож явсангүй. Үгүй би яахаараа энд байдаг билээ? Баривчлагдаж байснаа санахгүй байхад гэж бодов. Толгойд нь олон бодол зэрэг зэрэг хашгичаад байх шиг, зүрх нь дэлсэж дэмий л элгээ тэврэн суулаа.

Удалгүй дүнсгэр царайтай шоронгийн харгалзагч олон түлхүүр харжигнуулан ирээд, хаалгыг онгойлгож Идэр рүү дохиод,
- Чамтай хүн уулзахаар ирсэн гэж хэлээд хаалганы хажууд хүлээн зогсов. Идэр дотроо ямар ч байсан юмны учир олдох нь гэсэн горьдлоготой год үсрэн босч ирвэл, харгалзагч
- Хурдан огцом хөдлөхийг хориглоно хэмээн чангаар хэлэв.
Харгалзагчийн өмнө гараад урт хонгилоор алхаж байхдаа хөрш өрөөний хоригдлуудыг хальт ажаад авлаа. Тэгэж явахдаа энэ бол том андуурал байх ёстой, би энд байх ёсгүй хүн , сэрүүн зүүд гэж ийм байдаг байхдаа хэмээн бодсоор. Тэд удалгүй залуухан харгалзагч манан зогсох том ногоон хаалганы өмнө ирэв. Дүнсгэр царайт,
- Цэрэндорж Идэр хэмээн Идэр лүү нүдээрээ дохивол залуухан харгалзагч хаалгыг нээлээ. Хаалганы цаана хоолны газар маягийн олон ширээ сандал тавьсан том өрөө, өрөөний булангийн ширээнд суух аав ээж хоёроо хараад Идэр арай л муужраад унасангүй. Ширээнд дөхөөд дуугарах гэсэн боловч дуу гарсангүй, зүгээр л хэнгэнэтэл уйлж гарав. Аав нь аяншиж ядарсан царайтай, сайн унтаагүй бололтой нүд нь улайчихсан, ээж нь уйлж уйлсан бололтой нүд нь бүлцийгээд хавдчихсан, хоёулаа наснаасаа хамаагүй өтөлсөн харагдана. Муу ээж нь хүүгээ уйлахыг хараад даган уйлж эхлэх нь тэр. Аав нь,
- Энэ уулзалт чинь цаг нартай гээ биз дээ. Одоо уйлаад юугаа хийнэ гээд царай нь улам хүрлийв. Ээж нь,
- Хүү минь чи даанч яавдаа. Өтөлсөн хойноо ингэж муугаа үздэг юм байжээ хэмээн эхэр татахад нь, Идэр
- Би ингэхэд яасан юм бэ? гэж асуугаад аавдаа алгадуулах шахав.

Saturday, March 1, 2008

Өглөө

Хотын баруун талаар эмжих уулын бэлд байх урцны үүдэнд индиан омгийн хээ бүхий халтартсан бүтээлэг нөмөрч, буурал үсээ хоёр салаа сүлжсэн хорчгор жижигхэн эмгэн хоёр гараараа сэнжтэй төмөр аягаа атгаж бариад халуун кофе ууж зогслоо. Уулын оройд сүглийх цохиотой насаараа уралдах гэсэн мэт түүний нүүр хөдөө талд гарсан олон салаа зам шиг үрчлээ тодорчээ. Урцнаас ширүүн хар үсээ ардаа боосон боровтор царайтай бадриун залуу гарч ирээд
- Та даарахгүй байна уу? Машинд орж дулаацах юм уу гэвэл эмгэн:
- Үгүй дээ, санаа зовох хэрэггүй гээд хотын зүг ямар нэг зүйл олж харах гэсэн мэт хүзүүгээ сунган, тачирхан хөмсөгөө атируулан анхааралтай харсаар зогсоно. Түүний гандмал царай, товойсон хацрын яс, залуу хүнийх шиг цовоо нүд индиан овгийн хүн гэдгийг илчилнэ. Чихэндээ оюу шигтгээтэй усны дуслын хэлбэртэй санждаг ээмэг зүүсэн нь түүний толгой хөдлөх бүрийд санжигнана.
Залуу урц уруу буцаж орсон боловч төдөлгүй гарч ирээд ямар нэг юм асуух гээд түвдэхгүй эмгэний хавиар хэд эргэв. Эмгэн түүнийг хараагүй мэт зогссон газраасаа хөдөлсөнгүй.
Түүний зогсож буй уулын бэлээс манай жижигхэн хот бүхэлдээ алган дээр тавьсан мэт илхэн харагдах аж. Өглөө эрт байгаа болохоор хотын гудамжаар хааяа нэг машин явахыг эс тооцвол чимээ аниргүй байлаа. Эмгэн ууланд ойр байх Скотиш Инн гэсэн неон гэрэл хаягийг олж хараад нүүрэнд нь нэг тийм бахтай мишээл тодорч, нүд нь очтон гялалзаад,
- За хүү минь удахгүй хөдөлнө шүү, юмаа бэлдээрэй гэж залууд хэллээ.
Залуу ч юуг ч юм хүлээж залхсан байсан бололтой, хурдан түргэн урцан дахь юмаа эмхэлж, урцаа хураагаад хажууханд нь тавьсан жижиг ачааны пик ап машинд шаламгай гэгч нь ачаалж дуусаад одоо яах билээ гэсэн шиг эмгэн уруу харав.
- Чи тэр Скотиш Инн гэх буудлыг харж байна уу? Тийшээ л явна даа хэмээгээд аягандаа үлдсэн кофены шавхрууг газарт асгаад түрүүн урц байсан буурин дээр байх богц шиг цүнхэндээ далд хийж, нөмөрсөн бүтээлгээ сугандаа хавчуулаад цүнхээ үүрэн машин уруу зүглэв.

Идэр шөнөжингөө Сайханаатай уулзаад юу гэж хэлэхээ янз бүрээр төсөөлөн эргэж хөрвөөсөөр өглөөний гэгээ оруулаад босч, усанд орж, сахлаа хусаад цэвэрхэн хувцас гаргаж өмслөө. Өтгөн хар үсээ самнангаа толинд харахад өөдөөс нь тун дажгүй залуу харагдахад сэтгэл ханамжтай инээмсэглээд, аль хэдийн хэргээ бүтээсэн хүн шиг сэтгэл нь онгойж нэг л баяртай санагдана. Цаг эрт байсан хэдий ч сэтгэл нь яарч цай цүй бололгүй гараад явчихав. Эрт замын хөдөлгөөн гэх юмгүй тул яах ийхийн зуургүй Сайханаагийн байгаа буудал уруу давхиж хүрсэн хойноо л аль өрөөнд очихоо мэдэхгүйгээ санаж
- Урд шөнө юу хэлэх билээ гэж толгойгоо гашилгахын оронд өрөөг нь яаж олох билээ гэж бодож байхгүй гэж дотроо харамсангуй бодоод, ийш тийш харвал төлбөртэй утасны бүхээг замын эсрэг талд харагдахад машинаа хөдөлгөж бүхээгний хажууд тавиад орлоо. Утасны дор байх ноорсон лавлах ном хараад арай л алгаа ташиж дэвхэрсэнгүй, номын хуудсыг бараг л урах шахан эргүүлж Скотиш Инн гэсэн буудлын нэрийг олоод бичиж авах санаатай үзэг цаас эрж халаасаа тэмтрээд олохгүй болохоороо хуудсыг урж аваад машиндаа сууж, гар утсаа гарган залгалаа.
- Скотиш Инн танд яаж туслахсан бол гэсэн эмэгтэй хүний нойрмог дуу гарахад Идэр түгдчин
- Би би танайд буусан нэг хүн хайж байгаа юмаа. Уулзана гэж тохирсон боловч өрөөний дугаар бичсэн цаасаа хаячихаж, та хэлж туслахгүй юу гээд Сайханаагийн нэр усыг хэлбэл,
- Би шууд өрөө рүү нь залгаад өгье, та өөрөөс нь асуу гээд юм хэлэх завдал өгөлгүй утас дахин дуудаж эхлэх нь тэр. Идэр сандарч бушуухан утсаа таслаад дахин буудал уруу залгаж
- Уучлаарай танай зочин утсаа авахгүй байна. Би яг одоо биш дараа уулзах ёстой юм. Гэхдээ өрөөний дугаарыг нь хаячихсан гэвэл эвгүй сэтгэгдэл төрүүлчих байх гэж зовоод та зүгээр л өрөөнийх нь дугаарыг өгчихгүй юу гэв.
- Арван ес. Таны асуусан хүн арван есөн тоотод бий.
- Танд их баярлалаа.
Санасныг бодоход амархан оллоо, жаахан хүлээе, их эрт орвол хүн амьтан юу ч гэж бодох юм гэж бахтай нь аргагүй бодоод суудлаа хойшлуулж налан хэвтээд удаагүй байтал дуу ихтэй, элдэв новш ачсан пик ап машин хажууханд ирж чимээтэй гэгч нь тормозлоод Идэрийн амттай бодлыг тасалдуулжээ. Машинаас гандсан жинс, хуучирсан нь илт мэдэгдэх хар хүрэм өмссөн залуу бууж, ойрхон байх хүнсний дэлгүүр уруу түргэн алхсаар орж явчихав. Хэдэн хормын дараа настай хүнд баймгүй хөнгөн шалмаг эмгэн бууж ирээд замын нөгөө талд байх хоёр давхар шаргал өнгөөр будсан буудал уруу хэсэг харж зогссоноо хараагаа идэр уруу шилжүүлж түүнийг цог шиг хар нүдээрээ тогтон харахад Идэр өөрийн эрхгүй дальдчиж, өөр тийш харлаа. Хараа шилжүүлсэн зүгт том супермаркет үзэгдэхэд хоосон оролтой биш хэмээн машинаа асааж тэр зүг хөдлөв. Тэрбээр дэлгүүрээс хямдхан цэцгийн баглаа аваад буудлын хажуу дах машины зогсоолд зогсож дотогшоо ороод хаашаа явахаа мэдэхгүй эргэлзэсхийн зогсвол буудлын жижүүр дунд эргэм насны хүүхэн
- Танд юугаар туслахсан бол гэнэ.
- Би 19 дугаарын өрөө гээд өгүүлбэрээ дуусгаж амжаагүй байтал, хүүхэн
- Баруун гар тийшээ эргээд хэмээв.
Идэр заасан зүгт алхаж явахад зүрх нь догдолж түг түг хэмээн хажуугийн хүнд сонсогдом цохилон догдлоод өрөөний хаалганд хүрэхийн алдад толгой уруу нь ямар нэг юм тас хийн бууж ухаан балартан унав.

Saturday, February 9, 2008

Идэр (үргэлжлэл)

Идэр хэсэг хэвтээд зүүрмэглэх аядсан боловч ходоод нь хоол нэхээд босгов. Идэх юм юу билээ гээд гал зууханд ороод хөргөгчөө онгойлгох зуур цонхоор хоёр хүн машин уруугаа яаран алхахыг анзаарч, ахиулж харвал хажуугийн байрнаас гарч яваа Даниел бид хоёр байж таарав. Тэрхэн зуур энэ хоёр Сайханаа уруу явж байгаа байх гэсэн бодол гялс хийхэд Идэр хүрмээ шүүрч аваад түргэн гэгч нь гарлаа. Гүйхээрээ машиндаа сууж хөдлөн гол зам уруу нийлэх гэрлэн дохион дээр ирж ногоон гэрэл асахыг хүлээх Даниелийн машиныг олж хараад санаа нь амрав. Цаг нэлээн оройтсон байсан тул замаар машины хөдөлгөөн сэлүүхэн, Даниелийн машиныг дагахад түвэггүй амар байгаад тун удалгүй Сайханаагийн байгаа буудалд хүрэхэд Идэр харагдахгүйг хичээж машинаа замын эсрэг талд байх хүнсний жижиг дэлгүүрийн гадаа зогсоож хүлээлээ. Өчигдрөөс хойш хаана байгаа бол гэж шаналж адгаж байснаас олчихоод юу гэж хэлэх билээ гэж бодоогүй явжээ. Ямар ч гэсэн эсэн мэнд байж, өдий болтол цагдаа цэрэг болчихоогүй юм байна, одоо тэгээд яах билээ, шууд яваад орвол яадаг бол, нэгэнт энд байгааг нь мэдсэнээс уурыг нь гартал хүлээсэн нь дээр юм болов уу гэх мэт олон бодол толгойд нь эргэлдэж, яахаа мэдэхгүй суух хооронд Сайханаа бид хоёр буудлаас гарч ирсэн юм байж. Бидний араас дахиад дагасан боловч хурдны зам дээр гарч ирээд урдуураа хэдэн машин оруулж таараад алдчихав. Гэхдээ нэг их гутарсангүй хаана байгааг нь мэдсэн хойно хэмээн сэтгэл өег бодоод харьж бөх гэгч нь унтжээ.
Яг нарийндаа Идэр хэн нэгнийг хайрладаг эсэхийг бурхан л мэдэх байх. Мэдээж аав, ээж, дүү нараа бас охиноо ямар нэг хэмжээгээр хайрлана, гэхдээ тэр нь тэднийхээ төлөө үхэн хатан явж ч юм уу, эцэг эхдээ тус нэмэр болж харагддаггүй. Зүгээр нэг аман дээрээ л илрээд байх шиг, харин өөртөө бол тэр хязгааргүй хайртай хүн юм. Гуч гараад гэр толгойлж, айл авч явж чадахгүйгээ ойлгосон тэр өөрийгөө өөд татаад авч явж чадах бүсгүйтэй ханилна гэж шийдээд, Сайханаагийн толгойг эргүүлж өөрийн болгосон нь тэр. Шинэ газар шинэ амьдрал эхэлж, сайн сайхан явна гэж гэр бүлийнхэндээ амласан ч, ажил амын зөрөө уул овоо шиг их. Угаасаа туйлбаргүй биеийн амрыг харж сурсан тэр нэг ажилд гурав дөрвөн сараас илүү тогтохгүй, элдэв шалтаг тоочиж гараад, ажил хайж байгаа нэрийдлээр хэдэн сар гэртээ суудаг байв. Гэрт суухдаа, хажуудахаа хайрлаж халамжлах нь битгий хэл нялх хүүхэд шиг элдэв юм нэхэж зовоодог нь гайхалтай. Идэрийн ингэж аяаглахыг хажуунаас нь харж суухдаа би Сайханаагийн тэвчээртэйг, бас түүний хайрын сохрыг гайхаад бардаггүй юм.
Хоёр хоногийн өмнө Идэр шилэн цонхтой хаалга хийдэг компанид хамт ажилладаг америк залуутай түр тар хийгээд хэсгийн ахлагчдаа гарлаа гэж ажлаа хүлээлгэж өгөөд ирэхэд нь Сайханаа их л дуу муутай угтжээ. Сайханаагийн хувьд энэ ажилд орохоосоо өмнө Идэрийн ажилгүй суусан хэдэн сар тавьсан өрөө сая л нэг юм бараад одоо л нэг хэмээн амьсгаа авахтай болсондоо баярлаж байсан нь ингээд талаар болчихоор дурамжхан байхаас яахав. Идэр болохоор нөгөө л уйдамхай зангаараа гурван сар хэртэй ажиллаад л хамт ажилладаг хүмүүс, орчноосоо өө хайгаад эхэлчихсэн байсан аж. Тэгээд гавьяа байгуулсан аятай ирээд л өөрийгөө жаал зөвтгөсөн юм ярихад нь Сайханаа урдынх шигээ чиний зөв энэ тэр гээгүйд нь тунирхаж, энэ сүүлийн үед дуугаа хураагаад, хөндий царайлаад байгаа өөр хүнтэй болчихсон юм болов уу гэж хардангуй бодож сууснаа,
- Би Баяраагийнд орж хэдэн лааз пиво уучихаад ирье. Эртээд ажлын өдөр таараад төрсөн өдрөө тэмдэглэж чадаагүй, одоо ажилгүй юм чинь хэмээн хаалга уруу дөхөж явсанаа эргэж Сайханаа уруу:
- Чи хамт орох юм уу ? гэв. Сайханаа үгүй шалгалт шүүлэг арай гэж дуусаад ядарч байна. Өнөөдөр сайн амарч авах минь гээд үлджээ.
Баяраа тэдний байранд амьдардаг оюутан ганц бие залуу. Идэртэй нэг байрных ч билүү нэг тийм багын холбоотой, хааяа нийлж пиво ууж, билльяард тоглодог найзууд гэх нь хаашаа хамт цаг нөхцөөдөг улс гэх үү дээ. Тэр орой Идэр, Баяраа хоёр овоо хэдэн лааз пиво уугаад, Идэрийн төрсөн өдөр хэмээн цаашлаад нэг шил хатуу шарз хувааж зооглоод хоёулаа нэлээн ч согтож. Идэр бүр цаашилмаар байсан ч Баяраа унтлаа гэxэд харихаас өөр арга байсангүй. Баяраад бас гоморхсоор гэртээ орж ирвэл Сайханаа аль хэдийн унтчихсан, түүний гомдлыг сонсох сонирхол ч алга зүгээр л:
- Орой болжээ, одоо унтаж амар гээд буруу харчихав. Идэрийн согтуу ухаанд гэрээсээ гарахаас өмнө бодогдсон нөгөө л хартай бодол гялс хийн орж ирэхэд уур нь дүрсхийж Сайханаагийн хөнжлийг хуулж хаяад ямар ч утга учиргүй хараал ширээл тавин нүдэж гарсан юм. Туяхан жижигхэн Сайханаа яаж ч ноцолдоод хүчинд автагдаж дэмий л нүүрээ таглахад, Идэр хоёр гарыг нь зүүн гараараа холбож барьж байгаад баруун гараа зангидаж ирээд яг л араатан амьтан шиг аахилан нүүр нүдгүй цохиж Сайханаагийн нүүрийг хөх няц болгож, гэрээсээ зугтахад хүргэсэн нь тэр байж.

Saturday, January 19, 2008

Идэр

Идэр манайхаас намайг дотроо зүхсээр гарч, гэрийн зүг явлаа. Тэр намайг Сайханаатай ярьсан тэр битгий хэл уузлсан гэдгийг сайн мэдэж байсан ч яаж ч чадаагүйдээ хорсол нь буцалсаар гэртээ орж, гадуур хувцасаа тайлан шидээд, буйдан дээр дээш харан толгойгоо салаавчлан хэвтэв.
- Энэ муу хүүхэн бас их байнаа. Америк нөхрөөрөө түрээ бариад, худлаа хэлээд байдаг. За гайгүй дээ гэх шүү юм бодож байгаад өлссөнөө сая анзаарахдаа Сайханаагаа дахиад л үгүйлэв.
Идэр дөрвөн хүүхэдтэй айлын том хүү. Аав Цэрэндорж нь олон жил нэгэн үйлдвэрийн дарга хийсэн олонд нэр хүндтэй тохитой томоотой нэгэн. Ээж Бямбасүрэн нь харин ажил хийж байсангүй, дөрвөн хүүхдээ гэртээ бөөцийлөн өсгөсөн, цэвэрч нямбай, ажилсагийн туйл эмэгтэй билээ. Тиймдээ ч тэр үү эдний дөрвөн хүүхэд бүгд л гэртээ цэвэрхэн суух, хувцасаа сайхан өмсөх тал дээр тун сүрхий, гэр дотроо нэг нэгэндээ анхаарал сайн тавих хэдий ч, гэр бүлээсээ гадуур хувиа хичээсэн нэр зүүцгээсэн хүмүүс болж өсөцгөөжээ. Идэр гэртээ хамгийн их хөдөлгөөнтэй гэгдэж аав, ээжийгээ чамгүй зовоож байж дунд сургууль төгсөөд тэр жилдээ элсэлтийн шалгалтанд бүдэрч, аавынхаа ажилладаг үйлдвэрт хоёр жил ажил хийж байж, Сайханааг арав төгсөх жил гадаадын дээд сургуульд орох хуваарь авсан билээ. Мэдээж өөрөө мэрийж зүтгэж бус, бас л сайн аавын нэрээр сургуульд орсоноо өөрийн гавьяа гэж боддог, ер нь л өөртөө дэндүү итгэлтэй, сагсуудуу нөхөр л дөө. Цэвэр цэмцгэр, нүдэнд дулаахан нь уу, өөртөө итгэлтэй нүүрэмгий зан нь уу бүү мэд охидыг соронзон мэт татаж, тэр үргэлж ямар нэг бүсгүйтэй холбоотой явдаг байлаа.
Тэр болгонд Идэр дурладаг ч юм уу, зүгээр цагийн зугаа болгож явдаг ч юм уу гэдгийг хэн ч үл мэднэ. Бямбасүрэн гуай аргаа бараад тэднийх уруу Идэрийг асууж эмэгтэй хүн утаствал манайд тийм хүн байхгүй ээ гэх болжээ. Ингээд тэр жил дээд сургуульд явахад нь эцэг эх хоёр нь хүний газар биеэ дааж ухаан суух биз гэж найдлага өвөрлөөд явуулсан боловч эхний жилээсээ л хичээл номоо хаяж наймаа эргүүлж яваад машины осолд ороод буцаад ирсэн юм. Наймаа эргүүлээд мөнгө олсон нь ч байхгүй харин бөөн өр дагуулж ирсэнийг нь Цэрэндорж гуай хэдэн жил нэр нүүр, хураасан хэдэн төгрөгөө баран байж төлсөн гэх.
Ирээд нэг жил эмчлүүлж тэнхэрч байхдаа дунд сургуульд нэг ангид сурч байсан айлын танхилхан охин авч суугаад, хөөрхөн охинтой болоход нь аав ээж нь бас одоо л нэг гэсэн горьдлого тээгээд хөлтэй хурим хийж, хотын төвд хоёр өрөө байр авч өгч тусад нь гаргааад, Идэрийг их сургуульд оруулж өгсөн билээ. Тусдаа гарах ч гэж хоёр талын эцэг эх нь хоол ундыг нь бэлдэж, байрны мөнгө төлчихөөр, цаана нь өөрсдөө хоолоо хийж идээд, хүүхдээ асрах ажил үлдэх ч, эхний хэдэн сар аятайхан байгаад Идэрийн сонирхол буурав уу, нөгөө л элдэв хүүхнүүдтэй орооцолддог нь хөдлөөд ирэхээр, танхил эхнэр нь тэсэлгүй төрхөмдөө буцжээ. Идэр дөрвөн жилийг зугаацсаар барж, арай ядан амьтан хүнийг гуйж түйж байж нэг диплом өвөрлөөд, ажил олж хийе гэх бодол ер төрсөнгүй, бас л зугаа цэнгэлээр хорвоогийн хэдэн хоногийг барж байхдаа Сайханаатай санамсаргүй таарсан юм.
- Үгүй энэ чинь, ямар сонин хүн бэ? гэж Идэр тэгшхэн шүдээ гарган инээд алдсаар өөдөөс нь гараад ирэхэд Сайханаа жигтэйхэн барьц алдаж сандарсан билээ. Тэр ингээд уулзахыг олон жилийн турш янз бүрээр төсөөлж ингэж хэлнэ, тэгэж ярина гэж өөртөө олон удаа бэлдэж байсан авч яг цагаа ирэхээр,
- Сайн уу? гэж сулхан дуугарахаас хэтэрсэнгүй.
- За явж нэг аятайхан газар сууж хууч хөөрье, энэ чинь одоо хэчнээн жил ч уулзаагүй юм бэ гэсээр Идэр Сайханааг эвтэйхэн сугадаад ойрхон байх кафэ уруу явах гэхэд нь Сайханаа,
- Харин уулзаагүй удсан байна шүү. Би жаахан завгүй явна хоёулаа дараа тухтай уулзъя гэж хэлсэн ч, Идэр сонсохыг ч хүссэнгүй бараг л өргөх шахам дотогшоо оруулаад ирэв.
Дотор орж булангийн ширээнд сууж, кофе ууж жаал хууч хөөрөв. Идэр их сургууль төгсөөд одоо германд сургуульд явах гэж байгаа, бас бус бизнес хийдэг гэхчлэн давс хужир ихтэйхэн юм ярихад, Сайханаа сургуулиа төгсөж ирээд жил болохдоо улсын байгууллагад ажиллаж, ажлынхаа шугамаар америкт магистрт явах гэж байгаа тухайгаа энгийн хүүрнээд, одоо виз энэ тэр гээд явалгүй горигүй гээд гарахын тэнд Идэр түүний гарыг бариад,
- Сайханаа би чамайг хэзээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар гомдоосон бол уучлаарай. Би их тэнэг хүн байсан байна лээ гэхэд хоолой нь зангирсан Сайханаа гараа эвтэйхэн татаж аваад, баяртай гээд гарав. Идэр араас нь утасны дугаараа өгчих дараа сайхан тухтай уулзъя гэж шалсаар, салахын түүс болсон бүсгүй ажлынхаа утасны дугаарыг өгөөд саллаа.
Тэгэж таарсанаас хойш Идэр Сайханаагийн ажлаар эргэлдэж, яаж ийгээд үдийн хоолонд хамт орох гэж зүтгэдэг болов. Идэр үгүй гэдэг үг хүлээж авахдаа тун тааруу, ятгаж шалсаар байж санасандаа хүрнэ. Сайханаа ч энэ байдалдаа хурдан дасаад Идэрийг ирээгүй өдөр яав ийв гэж харуулддаг болжээ. Өдөр хоног яах ийх зуургүй өнгөрч, Сайханаагийн явах цаг тулахад, Идэр тэр хоёр хамт амьдарна гэсэн шийдвэр гаргаад, гэрлэлтээ гэр орныхноосоо нууцаар батлуулж орхив. Сайханаагийн хувьд шаналгасан олон асуудал байсан ч олон жилийн хүсэл мөрөөдөөл биелэх цаг ирсэн нь энэ биз гээд нүдээ аньсан шийдвэр гаргасан нь тэр байв. Цаанаа буруу юм хийж байгаагаа мэдэрч байсандаа ч тэр үү, Идэрийн талаар гэрийнхээ хэнд ч ам нээгээгүй юм. Харин Идэр гавьяа байгуулсан аятай Сайханааг гэртээ авчирч ээж аавдаа танилцуулахад ажигч гярхай Бямбасүрэн гуайн санаанд нүдэнд дулаахан, даруухан бүсгүй ихэд таарч, одоо л нэг гэж сэтгэл нь уужрах шиг болжээ.
Шинэ газар хэдэн сар төвхнөж аваад Сайханаа Идэрийг хойноосоо татаж авав. Гайгүй бүсгүйтэй толгой холбосон Идэрийн нэр хүнд гэр дотроо овоо өсч, аав ээж нь шинэ амьдрал эхэлж байгааг нь мялааж овоо хэдэн доллар өвөрлүүлээд явуулжээ.

Sunday, January 13, 2008

Зүүд

Сайханаа орондоо эргэж хөрвөөсөөр үүр тэмдгэрэхийн тэнд арай гэж зүүрмэглэв. Хэдий удсан юм бүү мэд олон жил ахин дахин эргэдэг шаналгаатай зүүдээ зүүдлэгдэж чилсэн бие сэтгэлийг зовоож эхэллээ.
Холоос харвал их нүүдэл урд зүгийг чиглэн аажуу хөдлөх аж. Нүүдлийн эхэнд морьтой хэдэн эрс, хойноос нь нэг хүн багтах морин тэрэг, дагаад нутгаасаа холдож буй болтой эргэж буцан майлалдах сүрэг хонь элсэрхэг талд тоос бужигнуулан урагшлах аж. Хүн малын хөлд бургилсан тоос өөдөлж, ам хамар луу чигжээд, нарийн ширхэгтэй элс аманд зажлагдан заваарч хүйтэн булгийн ус хүн бүхэнд үгүйлэгдэж байлаа. Тэргэн дотор бүрэн эхнэр хувцастай Сайханаа явах бөгөөд толгойн хүнд чимэг гавлын ясыг төмөр хумсаар базах мэт өвдүүлж, хүзүү чилээх аж. Уран хүний хийсэн бололтой улаан хөх торгоор алаглуулж хийсэн дээл уужны даргар хоргой эмжээр шинэ гэдгээ мэдрүүлж хүзүүг үрэн хорсгох нь урт замд тэртээ тэргүй ядарч яваа Сайханаагийн шаналгааг улам тодотгоно. Тэрэгний хана түшиж зүүрмэглэх гэхээр цавуудаж дарайлгасан эхнэр үс нь тээглээд тух муутай. Нарийн хийцтэй үсний мөнгөн хавчаар жингээрээ толгойг доош нь татах бөгөөд үс самнасан хүн хатуу гартай нэгэн байсан бололтой чамбай самнаж эмхэлсэн үс нь татагдаж хуйхаараа хөндүүрлэнэ. Гартаа зүүсэн шижир алтан бөгж хүртэл хурууг бахь шиг хавчиж тээр болох юм. Тэргэнд удаан явсан болов уу гэмээр хөл чилж, нутгийн голын эрэг дээрх хүүхдийн зулай шиг зөөлөн зүлгэн дээр хөл нүцгэн гүйхсэн гэж мөрөөдөөд, тэр мөрөөдөл биелэхээ өнгөрсөнийг ухаарах агшинд хэн нэгэн зүрхийг нь базах мэт цээж давчдана.
Өмсөж зүүсэн эдлэл, хувцасныхаа нарийн ширийнийг харж болж байгаа мөртлөө урд яваа хэдэн хүмүүс төдий л тод харагдахгүй. Осолдохгүй л айлд бэр болон очиж буй бололтой, түрүүнд явах эрчүүдийн дотор нум саадаг агссан нэгэн явах юм. Дургүй явж байх шиг, хэн нэгэнд гаргамаар гомдол цээжийг хөндүүрлүүлж уйлмаар ч нулимс дууссан шиг дэмий л хуурай мэгшинэ.
Хөшигний завсраар нар шагайхад хүйтэн хөлс нь цутгасан Сайханаа давхийж сэрлээ. Толгой, гар яг л зүүдэнд өвдсөн шиг хөндүүрлээд, ам цангаж заваараад, нээрээ ийм явдал болсон ч юм уу гэмээр эргэлзээ төрүүлэх аж. Энэ зүүд Сайханааг 18 настайгаас нь хойш үе үе орж ирж зовоох болоод арван хэдэн жил болжээ. Зөнтэй зүүд шиг нарийн ширийнийг барин тавин зүүдлэх ч тэдэн шиг биелэлээ олдоггүй. Цаг дамнасан зүүд яаж ч биелэлээ олох билээ. Дээлний хээ, гоёл чимэг бүр харагдах атлаа тэнд байх хүмүүсийн царай зүс харагддаггүй байв. Ингэж зүүдэлсэний маргааш Сайханаагийн сэтгэл тавгүйрхэж, толгой, хуруу нь янгинан өвддөг юм. Учир нь ойлгогдохгүй тусам яагаад ингэж зүүдлэв гэсэн бодол толгойд нь эргэлдэж юунд ч юм нэг их санаа зовох аж.

Tuesday, January 1, 2008

Сайханаа

Сайханаа бид хоёроос салж, буудлын өрөөндөө орж ирээд, ганцаараа болсондоо санаа нь амрав. Угаалгын өрөөнд орж нүүрээ сайн гэгч нь тольдлоо. Цохиулсан нүд нь нээгдэхгүй шахам хавдаад өчигдөр улаан байсан өнгө хөх болж хувирсан байлаа. Нүүр нь тэр чигээрээ хавдартай өөрөө өөрийгөө таних аргагүй санагдана. Өөрийгөө ингэж хармагц халуун нулимс эрхгүй урсаж, төдөлгүй аманд нулимсны давстай амт мэдрэгдэв. Тэр Идэрт гомдсондоо биш хүнд ийм арчаагүй харагдаж өрөвдүүлсэндээ, өөрийгөө хайрлаж хамгаалж чадалгүй ийм байдалд хүрсэндээ уур нь хүрч уйлж байлаа. Ээж аав минь сайхан жаргалтай амьдраасай гэж ийм нэр хайрласан байх даа. Гэтэл миний байж байгаа царай энэ гэж бодохоор цээжин дотор ямар нэг юм маажиж, ураад байх шиг адгана.
Сайханаа долоон хүүхэдтэй өнөр өтгөн айлын гурав дахь хүүхэд, охидын хамгийн том нь юм. Тэр аав ээжийнхээ насаараа ажилласан мах комбинатын ойролцоо угсармал байрны хоёр өрөө сууцанд өсчээ. Аав Балдан нь гарын дүйтэй, насаараа үйлдвэрт мужаан хийсэн, дуу цөөтэй өндөр дохигор бор хүн, харин ээж нь намхан туранхай гав шув хөдөлгөөнтэй яриа хөөрөөтэй, ааш зан сайтай гэж улс амьтанд үнэлэгдсэн нэгэн. Өөрсдөө сургууль соёл гэж яваагүй ч хүүхдүүдээ боловсролтой хүмүүс болгох гэж хичээсний үр дүн ч гарч, дунд сургууль суралцаж байгаа бага хүүгээс бусад нь бүгд дээд сургууль төгсөж, ажил төрөл нь өөдрөг яваа билээ. Тэднийх баян тансаг биш ч нэг тийм халуун дулаан уур амьсгалтай айл, өөрийн долоо дээр нэмээд хүүхдүүдийн найз нөхдийн хөл тасардаггүй айл байлаа. Ээж нь бүтэн сайнд нартай уралдаж босоод, хоёр арвын хувингаар дүүрэн боорцог хийж, шар будаатай цай чанана. Боорцог цай бэлэн болоход бүгд босоцгоож, дуу шуутайхан цайлдаг байж билээ. Чухам энэ мөчид ажлын өдрүүдэд завгүй байсан ээж аав нь хүүхдүүдийнхээ сургууль, найз нөхдийн сонинг сонсож, бага шиг нэг нь хэрэг тарьсан томчуудынхаа тухай хошуу өргөөд авдаг байв. Цайлж дуусаад бүгдээрээ ажлаа хувааж аваад орой болтол угааж арчих, дэлгүүр хоршоо явах гээд бас л бусад өдөр хийж амждаггүй гэр орны ажлаа амжуулна.
Ийм гэр бүлд Сайханаа олонтой эвтэй, ажилсаг бүсгүй болон өсчээ. Ажилсаг уйгагүйн хүчээр дунд сургуулиа төгсөөд зүүн европт дээд сургуульд инженерийн мэрэгжлээр суралцахаар явахдаа Идэртэй танилцсан билээ.
Шаагилдсан олон хүүхэд нь өсөж том болоод тусдаа гарцгаахад Балдан, Шархүү хоёр одоо л санаа зовох юмгүй боллоо гэцгээсэн авч, Шархүү гуайд Сайханаад зовох хэнд ч хэлээгүй нэг шалтгаан байдаг байлаа. Сайханааг хоёр орчим настайд Балдан гуай хөдөө сар гаруй хугацаагаар явжээ. Тэр үед хэзээ яаж ирэх тухай хэл авацах утас шөрмөс ч байсангүй, харин нэг өглөө Сайханаа ээждээ "Аав том улаан цүнх бариад ирж явна." гэж л дээ. Тэр үед нь миний хүү аавыгаа санаа юу гэж хэлээд юм бодсонгүй, төдөлгүй Балдан гуай нээрээ л том улаан цүнх бариад ороод ороод ирсэн гэдэг. Охин нь үе үе юмыг урдчилж хэлээд байх шиг, олон юм таараад ч байх шиг санагдахаар Шархүү, иймэрхүү хүн өөрөө л их зовдог гэж хүмүүс ярьдаг юм билээ, муу охин минь их зовлон үзэх вий гэж шаналдаг байв.
Сайханаа өөрийгөө бусдаас арай өөр гэдэгээ нэлээн том болсон хойноо ухаарсан юм. Тэр болох бүх явдлыг биш заримыг нь жигтэйхэн тодоор зүүдэлдэг байв. Арван гуравтайдаа анх ангийнхаа Энхтөрөөс захиа авлаа гэж зүүдлээд, тэр захиан доторх үг үсэг бүрийг тодоос тод харжээ. Маргааш нь үнэхээр зүүдэндээ үзсэн захиатай үг үсэггүй таарсан захиа Энхтөрөөс аваад их л балмагдаж ээждээ хэлбэл Шархүү,
- Миний хүү тийм юм бодож таарсан юм байлгүй дээ гэсхийгээд дүйвүүлээд өнгөрсөн юм. Гэхдээ нас явж ухаан суух тусам энэ бүхэн зүгээр нэг тохиолдол биш байсан нь улам ихээр мэдрэгдэж байлаа.
Сайханаа угаалгын өрөөнөөс гарч ирээд, миний өгсөн ууттай юмсыг анзаарч
- Хөөрхий дөө, муу Зулаа минь өөрийн дүү шиг сайн охин шүү гэж дотроо хэлээд уутыг задлав. Хийсэн цамцнуудыг хараад гэрээсээ өмссөн хувцаснаас өөр юу ч үгүй гарснаа сая л санаж, зах нь цусны толбо болсон цамцаа солив. Зөөврийн компьютер гарч ирэхэд интернетгүй энэ буудалд юуны хэрэг болох вэ дээ гэж буцааж хийлээ. Өрөөний булан дах ширээн дээр байгаа тамхины хайрцагийг онгойлгож үзвэл ганцхан ширхэг янжуур үлдсэнийг асааж, сандал дээр суулаа. Тамхины цогийг улалзуулан сорох зуураа түрүүн цээж дотрыг маажиж малтаад байсан уур хаашаа ч юм үгүй болоод, ингээд шинээр бүхнийг хэлдэг байжээ гэсэн бодол төрөхөд сэтгэл уужрах шиг боллоо.
Унтаагүй удсанаас уу, шархнаас уу толгой нь жигтэйхэн өвдөөд унтуулагүй шинжтэй ч ямар ч байсан орондоо ороод хэвтье, сая замдаа өвчин намдаах эм авдаг байж гэж харамсан бодоод ороо заслаа. Орондоо орохдоо үгүй бас сургуулийн амралт таарсан нь яамай, хичээл эхэлтэл нүүр маань гайгүй болох биз гэж дотроо хэлээд хэвтсэн ч толгойд нь элдэв бодол эргэлдэж өнгөрсөн баларсан нь харагдаад унтах шинж ер алгаа. Анх Идэртэй танилцахад л энэ хүнээс хол бай гэсэн совин төрсөн, совиндоо итгэж хол байх гэж их л хичээсэн дээ. Олон жилийн тэртээ өнгөрсөн бүхэн тун тодхон санагдах юмаа, хэрэгтэй юмыг бол өдийд таг мартсан байгаа даа, хачин толгой шүү гэж өөрийгөө шоолонгуй бодов.